Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 10
Эдийн засгийн аюулгүй байдал SOS зарлаж байна!
Монголыг золиослох захиалга

Энэ оны өмнөхөн ядуурал анх удаа 40 хувьд дөхсөн хар мэдээг статистикчид зарлаж, буруутныг хайх төлөвлөгөө Засгийн газрын шинэ ажил болон хувирсан билээ. Харин өнгөрсөн сард энэ бараан үзүүлэлт өнгөө өөрчилж, ядуурал бараг арван хувиар багассан мэдээг Дэлхийн банкныхан зарлачихав. Гурав, дөрөвхөн сарын дотор монголчуудын амьдрал өөдөлж, хээл хахууль, баян ядуугийн ялгаа “богиноссон” юм байх. “Тэмээ хариулдаг хүн буурынхаа занг андахгүй” гэдэг шиг авлигаар хөлжсөн эдийн засаг нь яаж яваад эрүүлжээд байгааг монгол судлаачид ойлгохгүй байна. УИХ-ын гишүүд ч энэ тоон үзүүлэлтэд эргэлзэж гүйцээд статистикчдыг “байцааж” байгаа. Эцсийн дүндээ, хариуцлага үүрэх эзэн олдохгүй болохоор ядуурал буурсан гэдэг шалтгаанаар өөрсдийгөө зөвтгөх арга сэдсэн нь ч энэ байж мэдэх. Эсвэл Монголд шинэ Засгийн газрын ачаар эмзэг бүлгийнхний тоо багассан гэсэн мэдээг эртнээс захиалсан байхыг хэн мэдэхэв. Уул уурхайн томоохон гэрээ хэлцлүүдээс харийнхан таваг дүүрэн бялуу хүртэх гэж зохиосон савангийн дуурь ч юм билүү. 

    Энэ бүхний гаргалгаа маш энгийн. Хоосон халаасны дуулиан намжаагүй байхад “Саус гоби сэндс” Монголыг тэжээх дараагийн орд Овоот толгойг Хятадын төрийн өмчит компанид худалдчихсан бол Тавантолгойн дөрөвний нэг нь бас л урд хөршийн эрдэнэсийн санд бүртгэгдэх гэж байна. Энэ тухай хэвлэлээр нэг шуугиж, буруутныг Саарал ордноос эрж эхлэхтэй зэрэгцээд хууль санаачилж, харийн даварсан нөхдийг хүмүүжүүлэх хууль санаачилснаа төр зарлав. Өнөөх ядууралтай муур, хулгана болж тоглосон шиг дүр зураг энд давтагдаж байна. Хууль санаачлаад л бүх асуудал “ОК”. Өнөөх хууль нь батлагдах эсэх нь гишүүдэд сонин биш. Харин сонгуулиас өмнө ард түмнээрээ зугаагаа гаргах гэхдээ ийн аашилж байна хэмээн хардах хүн олон байна.

    Хаврын чуулган сайдын сандал ширээний хэрүүлээр үргэлжилж, сонгууль, нэр дэвшигчийн сэрүүн зүүдтэй “манарч” байгаа энэ нөхцөлд өнөөх аюулгүй байдлын хуулиа баталчихна гэж итгэхэд эрт байна.

Эквадорын мөхөл буюу Монголд өгөх сэрэмжлүүлэг


Монгол зэрэг нөөц баялгаараа гайхагдсан улс орнууд гуйланчлалын хаалга татахад эдийн засгийн алуурчид гол үүрэг гүйцэтгэдэг нотолгоог Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” ном дэлхий дахинд шуугиантайгаар задалсан билээ. Цагаан захтан, эсвэл тэрбумтан, бүр өөрөөр бол сайн санаат туслагчийн дүрээр орж ирээд, улс орны хамаг шим шүүсийг сорогчдыг ийн нэрлэдэг. 

    Хар алтны арвин нөөцтэй Эквадорт 1968 оноос газрын тос дамжуулах хоолой тавьж, АНУ-д нефть нийлүүлэх хамгийн том 10 орны нэг болгосон юм. Энэ хоолойн “ачаар” тэндэхийн халуун орны борооны ойн ихэнх хэсэг устаж, тоть шувуу, ягуарууд болон эртний соёл иргэншлийнх нь омог мөхлийн ирмэгт тулжээ. Удаа ч үгүй 1970 оноос буюу “Газрын тосны дэлбэрэлт” гэгдсэн хугацаанд Эквадорт ядуурал 50-70, ажилгүйдэл 15-70, улсынх нь гадаад өр 240 саяас 15 тэрбум ам.доллар болтлоо тус тус өссөн байна. Хамгийн эмгэнэлтэй нь, хүн амынх нь хамгийн ядуу хэсэгт ногдох үндэсний баялгийн хувь 20-6 хувь хүртлээ буурсан юм. Хөрөнгө оруулагч компанийн нэрээр орж ирсэн эдийн засгийн алуурчдын үнэн дүр төрхийг Перкинс ийнхүү дэлгэснээрээ байгалийн нөөц баялаг ихтэй улс орнуудад заналхийлж буй аюулыг танихад томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ.

    Зэс, алт, нүүрс, ноос, ноолуур, газрын тос, мал сүрэг гээд хавийн хэн бүхэнд гайхуулах бүхэн Монголд байна. Гэвч сүүлийн 10 жилд алт олборлолт 17 дахин нэмэгджээ. Гэтэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2008 онд 8,2 тонн байсан бол 2010 онд бүр 1,7 тонн болж бараг долоо дахин буурсан үзүүлэлттэй байна. Энэ тооны цаана Монгол дахь нөөц баялаг хаа нэгтэй, хэн нэгний захиалгаар золиослогдоод байгааг хэлж байна. Ноос ноолуурын салбарт гэхэд үндэсний үйлдвэрлэгчид бус урд хөршийнхөн орж ирээд зах зээлийг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Хятадууд л хүсвэл үнэ өснө, тэд хүсэхгүй бол эсрэгээрээ. Хүнээсээ даруй 25 дахин олон малтай хэрнээ мах идэх хувьгүй болчихоод байгаа нь дээрхтэй адил шалтгаантай. Ядуурал албан ёсоор л 40 хувь гэж бүртгэгдсэнээс бус албан бусаар бол 70 хувьд дөхсөнийг судлаачид баримжаалаад байна. Ядуурал өсөөд байгаагийн шалтгаан нь өнөөх л Эквадорынхоос ялгаагүй. Эквадороос олборлосон 100 доллар тутмын 75-ыг гадаадын газрын тосны компаниуд авдаг. Үлдсэн 25 долларын дөрөвний гурав нь энэ улсын гадаад өрийг төлөхөд зориулагддаг. Үлдсэн мөнгөний ихээхэн хэсэг нь Засгийн газрын зардлыг, дөнгөж 2,5 доллар нь л нийгмийн эзмэг бүлгийнхэнд хүрдэг байна. Гэтэл Монгол Улсад ядуурал сүүлийн арван жилд анх удаа 40 хувьд хүртлээ өссөнийг цаасан дээр л “бууруулж” 29 хувьд тогтоосон. Гэвч бодит байдалд ажилгүйдэл 2007 онд 29 мянга байсан бол өнгөрсөн онд 40,7 мянга, харин өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 58 мянга болж өсчээ. Ажилгүй хүн нь нэмэгдээд байхад ядуурал буурсан эсрэг тэсрэг тоон үзүүлэлт гарсан нь Монгол Улс эдийн засгийн алуурчдын гарт хэдийнэ боомилуулчихаад байгааг хэлээд өглөө.

    Уул уурхайг хөгжлийн ганц түүчээ гэж өргөмжлөөд, гадаадынхныг хэмжээ хязгааргүй ноёлуулснаас хүрз барьж, газар ухахаас бусад салбар нь мөхөлдөө хүрчихээд байна. Боловсрол, эрүүл мэнд, барилга, дэд бүтэц гээд хүний хөгжлийг бүтээх нийгмийн суурь бүтцүүд ганц уул уурхайн сүүдэрт хоргодож байна. Гарах гарц нь гэвэл Жон Перкинсийн тодорхойлсноор, эдийн засгийн алуурчдыг бас тэднийг хэн захиалсныг олох.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE дарна уу.Танд баярлалаа.
Түгээх
Сэтгэгдэлийг ачаалж байна...
STYLE